Нийтийн эрх ашиг хохирсон асуудал болон  хүний эрх, ялангуяа  нийгмийн эмзэг бүлгийн эрхийн  зөрчлийг хууль тогтоомж ашиглан, шүүхийн замаар хамгаалах, улмаар тухайн бодлого, практик болон хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа байдаг. Ийм өмгөөллийг стратегийн өмгөөлөл хэмээн дэлхийн олон улс оронд нэрлэж заншсан. Хөгжсөн улс оронд энэхүү өмгөөлөл нь нийгмийн амьдралд бүтээлч үйл ажиллагаа болон хувирч, олон хүний эрх ашгийг хөндсөн асуудлууд шударгаар шийдвэрлэгдэн хүний эрх, эрх чөлөө жинхэнэ ёсоор хангагдах бодит боломж бүрддэг байна.

Стратегийн өмгөөлөл нь шүүх хуралдааны танхимд явагдаж, шүүхийн шийдвэрийн хүчээр зөрчигдсөн эрх сэргээн тогтоогдох төдийгүй хууль сахиулах байгууллагын тогтолцоогоор барахгүй хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөх асар их чадамжийг агуулдаг. Энэ нь өмгөөллөөс гадна нөлөөлөл, олон нийтийг татан оролцуулах зэргийг багтаасан цогц үйл ажиллагаа бөгөөд үүгээрээ тодорхой үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалдаг уламжлалт өмгөөллөөс ялгаатай юм.