Ц.МОНГОЛ: БАГАНУУР, НАЛАЙХ ДАГУУЛ ХОТ БОЛНО ГЭДЭГ НЬ УЛААНБААТАРЫН АЧАА БАГАСЧ БУЙ ХЭРЭГ

/Өдрийн Сонин №019 (4971) 2015 оны 1-р сарын 26 өдөр/

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төвлөрлийг бууруулах зорилгоор Налайх, Багануур дүүргийг нийслэлийн дагуул хот болгох талаар тусгасан. Энэ дагуу санал асуулга явуулж иргэд хоёр дүүргийг дагуул хот болохыг дэмжжээ. Хуульч Ц.Монголтой энэ асуудлаар ярилцлаа.

-Багануур Налайх дүүргийг дагуул хот болохыг иргэд дэмжлээ. Энэ нь хууль тогтоомж эрх зүйн талдаа хэр нийцэж байдаг юм бол?
-Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуулиудад тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслээд дагуул хот болгох асуудлыг шийдвэрлэж болохыг заагаад өгчихсөн. Хууль эрх зүйн талаасаа санал асуулга явуулж байгаа нь сайн хэрэг. Ямар нэгэн хуульд харшлах зүйл байхгүй. Дээрх хуулиудаас харах юм бол нийслэл өөрийн дагуул хоттой байж болно гэж заасан байгаа.
-Шууд санал асуулгаар дагуул хоттой болохыг иргэд дэмжээд л болчихгүй байх. Мэдээж үүнийг Улаанбаатар хотоос Засгийн газарт уламжилж, УИХ шийдвэрлэнэ. Санал асуулгын энэ хэлбэрийг хүмүүс янз янзаар тайлбарлаж байна?
-Мэдээж санал асуулга явууллаа гээд бүх зүйл шийдэгдэхгүй. Нийслэл санал асуулгаас гарсан дүнг үндэслээд дагуул хот болгох эсэхээ Засгийн газарт өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх нь тодорхой. Энэ бол хуулийн хүрээний асуудал. Дагуул хот болгох асуудлыг нийслэлийн удирдлагууд ярьж байгаад өөрсдөө дээгүүрээ шийдчихээгүй нь олзуурхмаар зүйл. Ер нь ардчиллын эрхэм зүйл мөн чанар нь юу вэ гэхээр олон нийтийн санал асуулга явуулах, олон нийтийн хүсэлд тулгуурлан аливаа асуудлыг шийдвэрлэх нэг том зарчим байдаг. Үндсэн хууль батлагдсанаас хойш ард олны санал асуулгад тулгуурлан шийдвэр гаргаж байсан түүх байхгүй. Ямар ч асуудал тулгарсан дээгүүрээ л шийдээд явж ирсэн. Тэгээд тэр нь алдаатай, хуумгай болдог.
-Дагуул хоттой болсноор юу өөрчлөгдөх юм бэ. Нэг дүүргийн Засаг дарга хотын Засаг дарга л болно биз. Тэр дүүргийн ард иргэдэд ямар ашигтай гэж?
-Нэг л хоттой бусад нь сум гэсэн гажуудсан зүйл манайд байдаг. 15 мянгаас дээш хүн амтай газрыг хот гэж тодорхойлж болно гээд Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. Мэдээж энд үйлдвэр, үйлчилгээ дэд бүтэц хөгжсөн байх шаардлагатай. Манай улс аймгийнхаа төвийг сум гээд яваад байдаг. Монгол Улс нэг хоттой. Сум нь 3-5 мянган хүнтэй байгаа. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сум 25 мянга орчим хүнтэй. Аймгуудын төв нь ойролцоогоор 50-100 мянган хүнтэй. Хууль эрх зүйн хувьд засаг захиргааны нэршил эрх зүйн байдал нь боловсронгуй болоогүй гэдгийг эндээс харж болно. Энэ нь нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх, өөрөө өөрийгөө удирдах орон нутаг хөгжихөд саад болоод байгаа юм. Жишээ нь Багануур, Налайх дүүрэг хоёроор жишээ авъя. Энэ хоёр бие даагаад хөгжих юм бол ашигтай. Биеэ даах л юм бол хөгжинө.
-Яагаад?
-Улаанбаатар хотоос 135 км-ийн зайд Багануур дүүрэг оршдог. Багануур дүүрэг хөгжих юм бол ядаж тэнд арав хорин мянган хүн хотоос очиж суурьшина. Хөдөө орон нутгаас ч ирнэ. Тэнд хөгжил бий болно. Татвар хураамжийг нь хот авахгүй. Орон нутаг өөрөө захиран зарцуулна. Дагуул хот болгох энэ статусыг дэмжиж байна. Дагуул хот болгосноор хөгжих гарц харагдаж байна. Түүнээс ямар нэгэн буруу сөрөг зүйл харагдахгүй байгаа юм. Энэ бол хөгжүүлэх л зорилготой хийж буй ажил. Хотын статус гэдэг чинь өөр өөрийнхөө төсөв санхүүгийн асуудлыг шийднэ. Буцаад хог, гарч буй гэмт хэргээ өөрснөө шийдвэрлээд явна. Улаанбаатар хотод дараа болохгүй байх бас нэг сайн тал харагдаж байгаа юм.
-Тодорхой жишээгээр тайлбарлавал ямар вэ?
-Багануур нь Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай эрчии хүч, нүүрс боловсруулах, нано технологи барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжих юм гэсэн. Харин Налайхын өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулэх парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болно гэж төлөвлөж байна. Энэ бодитой зүйл, харагдаж буй учраас үүнээс би сөрөг зүйл олж харахгүй байна.
-Дагуул хот болчихоор ямар нэгэн хуулийн цоорхой сөрөг зүйл юу байхав. Юм ер нь хоёр талтай шүү дээ?
-Бүх ард түмний санал асуулга гэдэг чинь өөрөө үнэ цэнэтэй зүйл. Манайхан өмнө нь яаж байв. Оюу толгой, Таван толгой гээд уул уурхайн томоохон ордууд дээрээ санал асуулга явуулах ёстой байгаа. Ард түмний санал асуулга огт явуулдаггүй байсан. Энэ нь тогтолцооны гажуудал бий болгож жинхэнэ бодит ардчиллыг явуулж байгаагүйн нэг илрэл. Алдаа дутагдал, хуумгай зүйлс төр түшилцэж буй нөхдүүдийн шийдвэр бүрээс нь гарч, араасаа байнга өөрчлөлт хийхийг шаардаж байна. Ийм жонхуу зүйл олон л байна шүү дээ. Дээд шатандаа хэдэн бүлэглэлүүд улс эх орны шийдвэрийг атгачихаад том том хахууль аваад айлшигтай байна шүү дээ. Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан боловч социализмын үеийн төрийн байгууллагын үндсэн бүтэц, төрийн удирдлагын хуучин тогтолцоо үндсэндээ хэвээрээ хадгалагдаж байна. Эрх зүйт төрийн онол, практикаас харахад аливаа хувьсгал ялснаар хуучин тогтолцоог үндсээр нь өөрчлөх ёстой байдаг. Эс бөгөөс хуучин нийгмийн бүтэц нь Ардчилсан Үндсэн хуулийг хоосон цаас болгодог. Энэ тухай ч эрдэмтэн судлаачид хэлж байна. Түүний нэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх байдлыг тусгайлан зохицуулах явдал. Энэ бол яах аргагүй цаг үе нь ирчихсэн зүйл.
-Таны хэлэх гээд буй санааг ойлголоо. Ер нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц тогтолцоо манай улсад социалист нийгмийнхээрээ явж байна. Яаж өөрчлөх вэ?
-Яг л социалист нийгмийнхээ үеэрээ байна. Ардчилсан хувьсгал ялж байсан он цагт социализмын хуучин тогтолцоо нь хот аймаг сум, дүүргүүдэд байсан учир МАН арав гаруй жил энэ бололцоогоо ашиглаад хүчирхэг явсан. Энэ нь нөгөө талаараа ардчилсан хувьсгалыг төгс ялахад саад болж ирсэн юм. Ардчилал гэсэн шинэ зүйлээ засаг захиргааны хуучин тогтолцоо нь ингэж дотроосоо идээд асар их дэгээ болсон. Нэг үгээр хэлбэл ардчилал гэсэн сайхан царайтай цаанаа социалист сэтгэлээ бие цогцос нь хэвээрээ явж ирсэн юм. 1999 ондҮндсэн хуульд “дордохын” долоон өөрчлөлт оруулсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Үүгээр төрийн бүх асуудлыг байнгын хороод биш намын бүлэг шийддэг болсон. Хуучин бол байнгын хороо шийддэг байсан. Ганц жишээ хэлэхэд л энэ. Арван жилийн дараа ингэж нам төвтэй болчихсон. Намын бүлэг хуралдсаны дараа байнгын хороогоороо хэлэлцдэг. Нэг үгээр хэлбэл намууд бүх хэлбэр нь ардчилсан боловч агуулга нь социалист хэвээрээ. Тэгэхээр засаг захиргааны нэгжийг өөрчлөх биө даалгах өөрийн удирдлагыг жинхэнэ ёсоор нь бий болгох хэрэгтэй.
-Тэгэхээр яах ёстой гэж. Бусад орнуудын практик ямар байдаг юм бол?
-Нэг жишээ авъя. Герман улс дайны дараа том өөрчлөлт хийсэн. Олон нийтийн хэлэлцүүлэг явуулаад засаг захиргааны нэгжийн бүтцийг хийсэн. Энэ хэлэлцүүлгийг бүх ард нийтээсээ санал асуулга байдлаар авч, олон эрдэмтэн мэргэд хуульчдыг цуглуулж судлуулсан. Тэгээд бүх тосгон суурин газруудад өөрийн удирдлагын эрхийг нь 100 хувь өгсөн. Төр өөрөө стратегийнхаа зүйлээ авч үлдсэн байдаг. Хотуудыг бас бие даасан болгож өгсөн. Бүтцийг нь өөр болгож статусыг нь өөрчлөхөөр өөр өөрийгөө санхүүжүүлээд явчихдаг. Манайх бол ашигтай ажилласан аймаг, сумдаасаа татаас аваад алдагдалтай ажилласан орон нутагт тараагаад өгчихдөг. Тэгшитгэх замаар ингэж асуудлыг шийдэж буй юм. Энэ зарчим одоо ч байна. Тэгэхээр яаж орон нутаг хөгжих вэ. Цаашлаад улс орон хөгжих боломжгүй болж байгаа юм. Их энгийн харагдаж байгаа зүйл шүүдээ. Үнэхээр энэ хоёр дүүргийг хот болголоо гэхэд бие даасан өөр өөрийгөө удирдах эрх зүйн үндэс бий болж байгаа учир хотоо хөгжүүлэх үндэс нь болчихож байгаа юм. Багануур, Налайх хөгжинө гэдэг бол Улаанбаатар хотын ачаа багасч буй хэрэг.
-Үндсэн хуульд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гээд заасан байгаа. Үүнээс үзэх юм бол аймаг хоттой байж болно гээд заачихсан?
-Орхон аймаг гэхэд л Баян-Өндөр сум гэж явдаг. Хуулиараа Эрдэнэт хот гэж байхаа больсон. Хотын статус алга болчихсон. Дархан-Уул аймаг Дархан сум. Хот байвал хөгжинө. Тэр статус нь байхгүй. Тэгсэн атлаа 93 мянган хүн амтай сум гэж байна. Энэ бол зүгээр л тэнэглэл. 15 мянган оршин суугчтай хот байна гээд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нь байж байна. Яагаад тэр хууль нь хэрэгждэггүй юм. Сумын хөрөнгийг аймаг авна. Аймгийн мөнгийг хот авна. Төвлөрлийг багасгаж бууруулж байж улс орон хөгждөг Сүүлийн жилүүдэд төвлөрөн удирдах ардчилсан зарчим гэж гаргаж ирээд хэрэгжүүлж байна. Энэ бол ардчилалтай харш зүйл. Ийм зарчмыг хэрэгжүүлээд байхад яаж улс эх орон хөгжих вэ. Сүүлийн үед УИХ, Засгийн газар хотын асуудлыг сугалж авч яриад байна гэдэг цаана нь улс төрийн товчоо шиг байгууллага байна. Дүр үзүүлсэн ардчилал яваад байна гэдэг нь харагдаж байгаа юм.
-Улаанбаатар хотын удирдлагууд ч бас юм хийгээгүй биш хийж байгаа байх. Таны түрүүн хэлсэн шиг санал асуулга гээд бас хийж буй зүйл бий?
Энэ улсад 20 жил хийгээгүй ажлыг Улаанбаатар хотын удирдлагууд гурван жил хийчихлээ. Ардчиллынхан хийчихлээ шүү дээ. Авто замын хувьд хотыг үнэхээр сайхан болгож байна. 20 жилийн өмнөөс хийж байсан бол ямар сайхан хот байх байсан бэ. Өмнө нь хотоо, Монголыг гэсэн сэтгэлтэй хүмүүс ажиллаж байгаагүй юм байна шүү дээ. Бас орон нутгийг бие даах асуудлыг сүүлийн үед анхаарч байгаа. Орон нутаг хөгжиж байж улс орон хөгждөг. Орон нутагт эрх мэдлийг нь өгөх ёстой.
-Та цаагуураа Э.Бат- Үүлийг дэмжээд байна уу?
-Үүнийг би хуульч хүнийхээ хувьд биш иргэн хүнийхээ хувьд хэлж байгаа юм. Э.Бат-Үүлд сэтгэл байгаа учир хийж байна. Бас зөв зүйлийг нь иргэн хүний хувьд дэмжих ёстой биз дээ.

Г.ЯЛГУУН