Ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалах, шударга ёсыг тогтооход гол үүрэг гүйцэтгэдэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Уг хуулийн Ерөнхий ангид заасан хүрээнд гэмт хэргийн төрлийг шинээр бүлэглэхдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хангах бодлогыг нэн тэргүүнд баримтлахаар тусгаж, “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн бүлгээс эхлээд “Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэг хүртэл  нийт 30 бүлэг   бүхий уг хуулийг 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ялын бодлогыг шинээр авч үзэн зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хуулийн этгээдэд ял оногдуулах, өсвөр насны хүнд ял оногдуулах, гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах, тэнсэх зохицуулалтыг дэлхий нийтийн Эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүллээ. Түүнчлэн ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг өөрчилж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг хэрэгжүүлэх бодит боломжийг бий болголоо. Тэнсэх зохицуулалтыг шинээр оруулсантай холбогдуулан эрх хязгаарлаж, үүрэг хүлээлгэх 12 төрлийн арга хэмжээг ял оногдуулахгүйгээр хэрэглэх боломжтой байхаар заасан. Энэ нь хорихоос өөр төрлийн ялыг өргөн хэрэглэх боломжийг хуулиар нээж, тухайн хүний гэм бурууд тохирсон, үр нөлөөтэй байх зарчмын хэрэгжилтийг бүрэн хангах юм.

Эх сурвалж: http://www.moj.gov.mn