Монгол Улсад хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, зөрчлийг гэмт хэргээс тодорхой үйлдэл, түүний шинжээр ялгамжтай зааглах үүднээс хүчин төгөлдөр үйлчилж буй 471 хуулийн 224 хуульд заасан захиргааны хариуцлага, түүнд хүлээлгэх торгууль, эрх хасах шийтгэлийг төрөлжүүлэн нэгтгэсэн Зөрчлийн тухай хууль буюу Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Уг хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд Монгол Улсын захиргааны хариуцлага гэж тодорхойлж ирсэн бүх захиргааны зөрчлөөс Зөрчлийн тухай хуульд хамаарах зөрчлийг шинжээр ялган нэгтгэж, түүнд хүлээлгэх шийтгэлийг тодорхойлсон байна. Баривчлах шийтгэлийг зөрчлийн шийтгэлээс хасаж, торгох, эрх хасах үндсэн хоёр шийтгэлтэй байхаар заасан ба хохирлын нөхөн төлбөр гаргуулах, нийтэд тустай ажил хийлгэх албадлагын арга хэмжээ зэргийг шинээр тусгалаа. Энэхүү хуулийг баталсантай холбогдуулан хүчин төгөлдөр үйлчилж буй 215 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан ба эдгээр хуулийг Зөрчлийн тухай хуультай зэрэг дагаж мөрдөх бөгөөд цаашид Монгол Улсад зөрчил, түүнд хүлээлгэх шийтгэлийг гагцхүү энэ хуулиар тодорхойлон шударга ёсныг тогтоож, нийгмийн хэв журам, нийтийн ашиг сонирхлийг хамгаалж байх болно.

Эх сурвалж: http://www.moj.gov.mn/